|
Улсын клиникийн төв эмнэлэг нь 1925 онд 15 ортойгоор манай улсын анхны эмнэлэг болон байгуулагдсан бөгөөд 1937 болон 1947 онуудад үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулж эхэлсэн. 1971 онд Бүгд Найрамдах Чехославак улсын буцалтгүй тусламжаар 240 хүний ортой эмнэлэг баригдан өнөөг хүртэл хөгжиж, 544 ортой, 6 тусгай төрөлжсөн төвүүд, 12 клиник тасаг болон 26 мэргэжлийн амбулаторитойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Улсын клиникийн төв эмнэлэг нь төрөлжсөн мэргэжлийн төвүүд, амбулатори, албад, тасаг, хэсгээс бүрддэг. Тухайлбал: Бөөрний эмгэг судлалын клиник, уушиг, цусны төв, цөмийн эмчилгээ, гемодиализ мөн яаралтай тусламжийн тасаг нь засгийн газрын даалгавраар улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус эмнэлэгт Шинжлэх ухааны докторууд, нарийн мэргэжлийн эмч нар сүүлийн үеийн эрүүл мэндийн стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын клиникийн төв эмнэлэг нь ард иргэдэд нас, хүйс, шашин шүтлэг, оршин суугаа газраар нь ялгаварлахгүйгээр чанартай үйлчилгээг хүргэх, эмч, мэргэжилтнүүдэд өндөр үр дүнтэй докторын мэргэших сургалтуудыг зохион байгуулах, клиникийн болон бусад сургалтыг улам боловсронгуй болгох талаар голлон анхаарч ажиллаж байна.
Тус эмнэлэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, жилд дунджаар амбулаториор 20 мянга гаруй хүн үйлчлүүлж, 180 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчлүүлдэг. Энэ үзүүлэлт нь ард иргэд манай эмнэлгийг илүү сонгодгийг харуулж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах тасаг нь бөөр шилжүүлэн суулгах, нүдний эвэрдэг бүрхэвч, үе шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг Монгол дахь цорын ганц тасаг юм. Элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс засал ойрын ирээдүйд хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн ерөнхий мэс засал, дотрын эмчилгээ, дүрс оношлогоогоороо олон нийтэд танигдсан төдийгүй дотоод шүүрэл, цус, чих хамар хоолой, мэдрэл, нүд, уушиг, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, бөөрний мэс засал, эрхтэн шилжүүлэх мэс засал, клиник лаборатори, цөмийн эмчилгээний төвүүдээр улс орны хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
|
- Хамгийн сайн чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүйс, шашин, үндэс угсаа, оршин суугаа газар нутаг харгалзахгүй үзүүлэх.
- Мэргэжлийн зэрэг олгох болон клиникийн сургалтыг эмч нар, ресидентүүд, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр дүнтэйгээр зохион байгуулах
- Клиникийн судалгаа, туршилтыг үндэсний болон олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр улам хөгжүүлэх, өвчтнийг эмчлэх, сувилах, асрах нотолгоонд суурилсан загвар, стандартыг хэрэгжүүлэх
|